11-р сард алдалгүй үзвэл зохих 11 кино

Kinomax October 28, 2017 Үзсэн 72

Он дуусах дөхсөнийг сануулсан, улам бүр завгүй ажиллахыг шаардсан шинэ сар айсуй. Бид 11-р сард зориулан, их ажлынхаа хажуугаар толгойгоо сэргээн, алжаалаа тайлахад тань туслах зорилгоор алдалгүй үзэх арван нэгэн киног санал болгож байна. Цоо шинээр эхлэх 3 цуврал, монгол уран бүтээлчдийн гараар бүтсэн 2 кино, бүрэн хэмжээний 4 бүтээл, үзэгчдийн хамгийн их хүлээж буй 3 цуврал бас хүүхэлдэйн киног энд багтаав.

STRANGER THINGS

Энэ жилийн Халловений хамгийн “том бэлэг” бол Stranger Things-ийн шинэ улирал. Магадгүй яг одоо дэлгэцнээ гарч байгаа “Game of Thrones-ийг эс тооцвол” хамгийн сайн цуврал эргэн ирлээ. Өсвөр насны хэдэн найз, мангас, супер чадвартай охин, зэргэлдээ ертөнц, 80-аад он гээд Stranger Things-ийг түлхүүр үгээр илэрхийлэхэд “хачин уйтгартай” санагдах байх. Гэхдээ дүрүүдийн хөгжил, үйл явдлын өрнөл, эцсийн тайлал, сонирхол татам аяз нь гээд бүх зүйл нь энэ цувралыг энэ сарын төдийгүй энэ намрын хамгийн их хүлээлт дагуулсан бүтээлд тооцогдоход хүргэж байна. Үзэж эхлээгүй байгаа бол гялс эхлээрэй, 2-р улирал яг ӨНӨӨДӨР нээлтээ хийж байна.

BLACK MIRROR

Технологийн хөгжил ирээдүйд хэрхэн хүн төрөлхтөнд нөлөөлж, ямар өөрчлөлтийг авчирч болох тухай төсөөллийг Black Mirror-оос илүү санал болгох бүтээл их ховор байх. Бас л асар их хүлээлт дагуулж буй энэ цувралын 4-р улирал энэ сард нээлтээ хийх эсэх нь тодорхойгүй ч гарах магадлал маш өндөр. Анги болгон нь нэгийг бодогдуулж, өдөр бүр алхам алхамаар эргэн тойронд нэвт шингэж буй зарим дадлуудаа эргэн харахад хүргэмээр. Заавал үзэх ёстой цуврал. Хэрвээ үзэж амжаагүй байгаа бол энэ жилийн Эммигээс “шилдэг эпизод” шагналыг хүртсэн San Junipero-г нь санал болгоё. Телевизийн түүхэн дэх хамгийн нандин түүхүүдийн нэг.

THOR: RAGNAROK

Marvel-ийн фенүүдийн хувьд энэ жил хамгийн их хүлээж буй Thor-ийн шинэ ангийг бид онцолж байна. Хамгийн өнгөлөг, хамгийн эрчтэй, хамгийн хурдтай түүхтэй гэгдэх энэ цувралд бид алхгүй болсон Торыг харах нь. Хэзээ ч дундаршгүй мэт санагдах Марвелийн бүтээлч ертөнц улам бүр тэлэх нь, хуучин бас шинэ супер баатрууд хоорондоо тэмцэлдэх нь үзэгчдийг уйдаахгүй нь гарцаагүй. Кино театрт л заавал үзэх бүтээл.

БҮХНЭЭС ДЭЭГҮҮР

Цоо шинээр дэглэсэн 13 бүжиг, цоо шинээр бичсэн 17 хөгжим. Энэ бол Orange Entertainments болон Nomadia Pictures-ийн ээлжит уран бүтээл “Бүхнээс Дээгүүр”-ийг заавал үзэх олон шалтгаануудын нэг. Өөр шалтаг хэрэгтэй юу? Авьяаслаг Монголчууд шоуны одод болох гудамжны бүжигчин Т.Саруултөгс, “тэнгэрийн ханхүү” Ч.Цэнгүүн нарыг нэг дор үзэх боломж. Мөн энэ киноны найруулагчаар өнгөрсөн жил шуугиан тарьсан “Итгэл” киног бүтээсэн Б.Гарамханд ажилласан нь бүр ч их “итгэл” төрүүлэв. “Бүхнээс дээгүүр” 10-р сарын 28-нд нээлтээ хийнэ.

VIKINGS

Game of Thrones-ийн бүх ангийг гүйцээчихсэн, шинэ улирлыг нь хүлээж ядаж байна уу? Тэгвэл Vikings-ийг эхлүүл! Энэ бол надад манай хамтрагчид Зак, Ганзогийг өгсөн зөвлөгөө. Улирал ахих тусам улам чанаржиж, улам сонирхолтой болж буй цөөн цувралуудын нэг Vikings-ийн 5-р улирал 11-р сарын 29-нд нээлтээ хийнэ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн зоригт аялагчид викингүүдийн ертөнцөөр аялах гайхалтай боломж.

ALIAS GRACE

Alias Grace-ийг санал болгох 2 шалтгаан надад байна. Эхнийх нь Маргарет Атвүүд. Энэ жилийн Нобелийн шагналыг утга зохиолын салбарт хүртэх хамгийн магадлалтай хүмүүсийн нэг нь тэр байсан. Уг кино түүний 1996 онд хэвлүүлсэн хамгийн алдартай зохиолоос сэдэвлэсэн бүтээл. Дараагийнх нь The Handmaid’s Tale. Энэ жилийн Эмми шагналаас хамаг гол шагналуудыг нь түүж, шилдэг киногоор шалгарсан уг бүтээлтэй төстэй зүйл энд бий. Адилхан зохиолчийн бүтээл, адилхан гэрийн үйлчлэгчийн түүх. Дээрээс нь бодит түүхээс сэдэвлэсэн гэсэн шүү.

SINGLE LADIES 3

Монголын кино урлагийн түүхэн дэх хамгийн амжилттай кино цувралуудын нэг гэж хэлж болох Single Ladies 3-р ангиараа эргэн ирлээ. Гарсан жил бүртээ тухайн оныхоо хамгийн эрэлттэй, борлуулалттай киногоор шалгарч байсан ганц бие бүсгүйчүүдийн түүх энэ удаад Монгол орны баруун хязгаарт, шинэ орчин шинэ дүрүүдтэйгээр шинэ адал явдалтайгаар үргэлжлэх болно. Улаанбаатар, Баян-Өлгий, Говь Алтай, Өвөрхангайд зураг авалтаа хийсэн энэ киноны 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 5000 км-ийн аяллыг хийсэн нь “дэмий” байгаагүй гэдэг нь сэтгэл огшоом дүрслэл-зураглалуудаас нь харагдана. Сонирхуулахад, энэ киног дэлхийн 14 оронд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ шүү.

MURDER ON THE ORIENT EXPRESS

Агата Кристид дуртай биз дээ? 2 тэрбум илүү хувь номоо борлуулсан амжилтаараа Гиннесийн рекордыг эзэмшдэг түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг Murder on The Orient Express дэлгэцийн бүтээлээр эргэн ирж байна. Эргэлзүүлсэн, гэгэлзүүлсэн, толгой эргүүлсэн, дэндүү төвөгтэй өрнөлүүд чухам энд бий. Хүлээлт дүүрэн хийгдэж буй энэ кинонд тоглосон, нэрсийг нь харахад ч сүрдмээр жүжигчдийн баг нь урам хугалахгүй гэж найдаж болмоор. Домогт мөрдөгч Пуаро “хүн бүрийг сэжигтэн” гэж тунхагласаар 11-р сарын 10-нд нээлтээ хийх болно.

MARVEL’S RUNAWAYS

Эммигээс гол шагналыг нь хүртсэн анхны стриминг платформ болсон Hulu-ийн дараагийн том найдвар бол Marvel’s Runaways. Дайсны талын баатруудын “хүүхдүүд” энэ киноны гол дүр. Цоо шинэ дүрүүд, цоо шинэ чадварууд бас цоо шинэ үйл явдал. Хэрвээ та супер баатруудад дуртай бол заавал туршиж үзэх цуврал.

COCO

Дисней, Pixar-ийн энэ жилийн хамгийн гол бүтээл Coco энэ сард нээлтээ хийх гэж байна. Toy Story, Finding Nemo, Inside Out гээд гарсан цаг үедээ “хувьсгал” хийж, оригинал санаа, технологийн шийдлүүдээрээ үе үеийнхнийг ангайлгасан уран бүтээлчид энэ киног хийж буй учир чанарт нь, өрнөлд нь эргэлзэх шаардлага бараг байхгүй мэт. Үйл явдал нь халуун цустнуудын өлгий мексикт бас “үхдлүүдийн” ертөнцөд өрнөх, дээрээс нь гитар хөгжимтэй холбоотой гэхээр бүр ч сэтгэл хөдөлгөм.

BABYLON BERLIN

1929 оны Берлинд тавтай морил! Зугаа цэнгэл, баяр баясал бас садар самууны уурхай болсон, улс төрийн адармаатай нөхцлийн ирмэг дээрх Берлин таны мэдэхээс огт өөр ертөнцийг дэлгэх болно. Нийт 40 сая еврогийн төсөвтэй энэ кино англи хэл дээрх бус хэрнээ хамгийн үнэтэй бүтэж байгаа бүтээл болж байгаа гэнэ. Sky Atlantic дээр нээлтээ хийх Babylon Berlin өвөрмөц үзэгдлүүд, хачирхалтай өрнөлүүд, нууцлаг сэдлүүдээрээ таны анхаарлыг татах нь гарцаагүй.

Categories
Хуваалцсан 0